Эрчүүдийг хайрлаж яваарай

Хэдэн жилийн өмнө сонин дээрээс үүнийг  бүр хэрэг болгон тэмдэглэж авсан  байх юм. Миний санаанд үнэхээр нийцсэн үгсүүдийг Р. Эмүжин бичсэн байсан даа.

Бүсгүй хүн гэдгийг байнга мэдрүүлж байдгийнх нь төлөө би эр хүнд хайртай.  Эр хүний дэргэд элгэмсүүхэн  эрхлэх гэж, эр хүн гэдгийг нь илэрхийлэх бүхэнд шунан дурлах гэж, эр сэтгэл, эр ертөнцийн хөрснөө ургах гэж, эрдүү алхаа, эрэмшүү зориг, халимаг үс, ширүүхэн ч юм шиг арьсных нь  ширхэгийг мэдрэх гэж, ядраад ирэхэд нь халамжлан угтах гэж, яараад ирэхэд нь инээн тосох гэж, дуртай хоолыг нь хийх гэж, хөлс үнэртсэн цамцыг нь угаах гэж би бүсгүй хүн болж төрсөн.

Гэзгийг минь эв хавгүйхэн задлахыг мэдрэх гэж, гэрээ дүүргэн суухыг нь харах гэж, ээж байх гэж, энгэрт нь туниад хярах гэж, уурлахад нь аргадах гэж, уйлахад нь нулимсыг нь  арчих гэж, бүдрэхэд нь түших гэж, өндийхөд нь тулах гэж, би эр хүний дэргэд эмэгтэй болж төрсөн.

Алдааг нь хуваалцах гэж, амлалтыг нь урамшуулах гэж,  онгироход нь хөөргөх гэж, олзонд шунахад нь  олныг ухааруулах гэж, өглөөд яарахад нь өвөртөө хорголдуулах гэж, өнгө дагахад нь өөртөө татах гэж, үдэш ирэхэд нь үрээ тэврээд угтах гэж би бүсгүй болж төрсөн.

Хатуу үгийг нь даах гэж, хашраад буцахад нь омогшуулах гэж, хардахад нь гомдох гэж, гомдооход нь уйлах гэж,  . . .  хаяад гарахад нь гуйх гэж, ханьсаад буцахад нь  уучлах гэж би  хэн ч байсан хамаагүй эр хүний дэргэд эм хүн л байх гэж бүсгүй төрлийг олсон. Тийм байж чадахгүй аваас  эр хүн түүнийгээ бүү шоовдорло. Түүнтэй өрсөлдөж бус өөриймсөж амьдар.

Эцэст нь хэлэхэд тэд өөрөөс чинь нулимсаа, сэтгэлээ, омгоо, эмзэглэлээ, уналтаа, уураа нууж байгаа бол та түүний  . . . байж чадсангүй.

 

 

 

 

 

Тэр жилийн намар би дурласан

Тэр надаас 6 дүү л дээ. Гэхдээ тэр намайг өөртөө дурлуулж чадсан юм.

Хүүхдээ гаргачихаад эр хүний тухай сайнаар ч тэр, муугаар ч тэр бодохоо байсан үе байлаа. Нэг ёсондоо эр хүнгүй амьдарна гээд бодчихсон явсан юм.

Гэтэл би түүнтэй учирсаан. Түүнийг би анх хараад л дурлаж  билээ.

Би хүүхдээ нялхад ажилдаа буцан орсноор бидний харилцаа улам дотно болсон юм шиг. Уул нь бол бид мессенжерийн л найзууд. Бид ажлын холбоотой хэдий ч бие биенээ танихгүй, хараагүй мөртлөө найз шиг л хамаг байдгаа тоочин ярьдаг байсансан. Бараг жил гаран ингэж харилцсан байх. Би эгчирхдэг хэдий ч, тэр надаас олон дүүгээ хэлдэггүй л байж дээ.

Ажил ярихаараа тэр ажил руу минь утсаар холбогддог байлаа. Түүний дуу ер бусын сайхан болохоор би түүнийг сайхан залуу гэж төсөөлдөг байлаа. Тэр сайхан дууны цаана сайхан л эр хүн байгаа байх гэж боддог байсaан.

Тэр нэг өдөр надаас их сонин зүйл олж өгч туслаач гэж гуйснаар би түүнийг анх удаа харсан даа. Гайхмаар нь миний тусалж чадахгүй байх гэж бодсон зүйл миний найз хүүхний тусламжтайгаар гайхалтай хурдан бүтсэн гээч. Найз хүүхэнтэйгээ түүнийг уулзуулахын тулд би түүнийг харах, түүнтэй уулзах хэрэгтэй болсон л доо.

Би түүнийг харлаа, миний төсөөлж явсанаас тэс өөр залуу байсан ч дажгүй залуу байсан. Том ажил бүтээж өгсөн гэж тэр намайг ресторанд оруулж дайлсанаар бид бие биентэйгээ илүү дотно танилцах боломж нээгдсэн дээ.

Удалгүй би амралтаа авч, зав боломж өөртөө зориуд гаргалаа.

Би түүн рүү утасдаж,

- Надтай уулзах зав байгаа эсэхийг асуулаа.

Тэр

- жаахан ажилтай байна, тэрийгээ дуусгаад залгая гэсэн.

Тэр орой бидний анхны уулзалт болсон доо.

Хүүхдээ "олсон"  тэр цаг хугацаанаас хойш анх удаа эр хүнтэй уулзаж байгаа минь л энэ.

Би гэлэнмаа шиг амьдарч ирсэнээ гэнэт ухаарах шиг болсоон. Би хэнийг хохироох гэж ийм амьдралаар амьдарч байгаа юм бэ? гэж гэнэт өөрөөсөө асуусан даа. Тэр миний энэ тэнэгхэн амьдралд цэг тавьж өгсөн хүн дээ.

Одоо бол би  эр хүнийг арай өөр өнцгөөс харж, тэднээс сайхан зүйлийг олж хардаг болсон шүү.

Тэр нэгэн өдөр тэр  эхнэртэй болсноо дуулгаснаар бидний харьцаа дуусгавар боллоо. Тэр намайг харьцаагаа шууд таслахыг мэдэх учраас хэлж чадахгүй удсан гэлээ. Үүнийг нэгэнт дуулсанаас хойш би түүнд хамгийн сайн сайхныг хүсээд харьцаагаа таслахаар шийдсэн. Хэзээ нэгэн цагт ийм юм болно гэдэгт итгэлтэй байсан болохоор би дажгүй хүлээн авсан шүү. Гэхдээ л хүн гэдэг амьтан бие биедээ амархан дасдаг юм байна лээ шүү.

Миний сэтгэл санаа, миний амьдралд их эргэлт гаргасан, ухаан суулгасан, зоригжуулсан, дэм өгсөн, амьдралын тэмүүллийг бий болгосон энэ хайраа би дурсаж явнаа. Энэ бол гуниг бус, уйтгар бус сайхан дурсамж ажээ. Бодоод байхнээ, ойлгоод байхнээ хүн дурсамжин дундаа амьдардаггүй ажээ. Хүн үргэлж ирээдүй рүү  тэмүүлж, тэр ирээдүйгээрээ шинэ дурсамжийг бүтээж, үргэлж тэмүүлж явах учиртай юм шиг.

Миний тэмдэглэлийн дэвтэрт хэний ч билээ ийм нэгэн шүлэг байхын яг л надад зориулсан мэт:

Зэвэргэн салхинд жиндсэн борооны дусалтай навчисаа

Цээжинд асгаад байсан дэндүү уйтай цагаар

Зэллэх шувуудын ганганаанд саран өнчрүүлж учрахдаа

Цэцгэн зүмбэртэй сардаа итгэл цуулахыг мэдээгүй ээ

 

Нэг л их ариухан байсныг гэнэ гэнэхэн бодохоор

Нэг л их уйтгар зүрхэнд үдлээд байх юм даа

Нээрээ нээрээ гэж мянга мянгантаа өчив чиг

Нэвчиж шингэсэн гоморхол нисэж оддоггүй ч юмуу даа

 

Нулимаад өнгөрсөн үеүүдийн хумхийн тоос шиг дэрвэж

Нулимсны үнэртэй үдшүүдээр  тэнэг явсанаа голном

Үелзүүр цагаан салхинаа энхэр гуниг хөндөлсөж

Үйтэн хуарын өнгийг үе үесхэн зүхнэм

 

Тоо хязгааргүй гомдол  цагийн саалтанд элэвч

Торгоор хэмжишгүй  хайрын илч нь нэмэгддэг гэнэм

Томоогүй хонгор  аашийг чинь аяар аяар зэмлэж

Тоостын шаргал намраар навчис шиг л гансрах юм

 

Хонгор хонгор зүрхэнд  гуниг үйсэн чамтайгаа

Хорвоогийн жаргал гээчийг зүүдлээд сэрсэн ч юмуу даа

Гунигийн буурал салхинаа хүн чулуу шиг гансарч

Гутрах дуртай насандаа алдаж оноод л байх юм даа

 

 Миний багш надад хэлж байсан тэр нэгэн үг санаанд орж байх чинь. Тэр "тэнэг эмэгтэйчүүд ямагт хожиж, ухаалаг эмэгтэйчүүд ямагт хохирч үлддэг" гэсэн юм даа . . .

 

Ахиад л нэгнийг би үдлээ. Шувуудаа үдэх нуур шиг л . . . 

Тэр минь жаргаж яваг дээ.

 

 

 

 

 

Яруу найрагч Нямлхагва "Надад шүлэг бичихийн шалтгаан байна"

 

 

Надад шүлэг бичихийн шалтгаан байна

Адуу янцгааж, шувуу жиргэсэн Монгол нутгийн үүр

Аяа, ямархан тунгалагаар гэгээрэн тэмдэгрэхийг мэдэрч

Элсний нургих чимээг чихээрээ сонсон

Эрвээлжин шарга оддыг сэтгэлээрээ тэмтэрч

Ээж л таныхаа аялсан бүүвэйн дуугаар хөглөж

Энэ орчлонд би шүлэг бичихийн шалтгаан байна

 

Гоо охидынх нь мөнгөн сүлжээст гэзгийг

Шөнийн хатан цэцгийн анхилам үнэрээр задалж

Голт зүрхнийхээ хөндүүр бяцхан совинг

Шүүдэр шүүдрийн ганган дуслаар аргадаж

Хайранд умбасан ертөнцийн алтан ятгыг чавхданхан

Хан орчлонгийн элгэн дээр надад шүлэг бичихийн шалтгаан байна

 

Надад дурласан бүсгүйн гомдлын үрэл нулимсыг

Нарны цацарганд сүвлэж өөрийг нь чимэхийн цагт

 Уулгамч ертөнцийн будрангуй нэг л их сэлүүрээд

Уй гунигийн аяс алга болсон болохоор

 Уянгалаг зөөлөн сэтгэлийнхээ мөнгөн бишгүүрийг үлээн

Уудмын цагаан орчлонд шүлэг бичихийн шалтгаан байна

 

Тэшээ тэшээ айзамтай цэнхэр зэрэглээ сэмлэн

Тэрлэгээн гандтал гүйсэн багын хонгор насандаа

Омголон түрэмгий салхин ч туулж баралгүй сульддаг

Олдохын уудам талыг алдалж өссөн болохоор

Бардам бардам зангийнхаа их хэнгэргийг дэлдэн

Бадрангуй цагаан орчлонд шүлэг бичихийн шалтгаан байна

Надад шүлэг бичихийн шалтгаан байна.

Яруу найрагчийн төрсөн өдөрт зочилсон минь

Миний багын найз хүүхэн утас цохиж байна.

- Өнөөдөр манай нөхрийн төрсөн өдөр, хэдэн найзуудаа урьж байгаа юм. Өмнө нь сүртэй тэмдэглэж байгаагүй ээ, өнөөдөр энгийн даруухан тэмдэглэнэ гэлээ.

Гэрийг нь хайн хайн, төөрч төөрч очлоо. Өмнө очихдоо найз хүүхэнтэйгээ явсан, харанхуйгаар машинтай яваад л очсон болохоор сайн тогтоогоогүй ажээ.

Найз хүүхний маань нөхөр гайхалтай шүлэг бичдэг нэгэн. Би тэднийхээр анх айлчлахдаа түүний яруу найргийг өөрийнх нь дуу хоолойгоор, тэрхүү шүлгийн айзам хэмнэлийг түүний торгон мэдрэмжээр шүүрс алдан сонсон, номыг нь гарын үсэгтэй нь, шүлгийн дууны СД-г нь маш их баяртайгаар хүлээн авч билээ. 

Би найзынхаа хэлсэн цагаас нь даруй 30 минут хоцрон, яаран яаран очсон боловч бараг эхний зочин нь болсон байв. Хамгийн сонин нь надаас хойш ирж буй зочид нь дандаа эрэгтэй хүмүүс байсан мөртлөө надаас илүү хоцорсон гээч.

Тэнд үнэхээр эрүүл саруул уур амьсгал бүрэлдэн, дандаа гэгээлэг зүйлс яригдан, нэгэн оройг ямар гайхалтай өнгөрөөсөн гээч. Тэр орой Яруу найрагч Нялхагвын эхнэрийнх нь багын найз гэдгээрээ би бахархан бодож суулаа. Шинэ орчинд орж,  гэгээн сайхан зүйлс ярилцан, гэгээн шүлгийн мөрүүд сонссон нь надад үнэхээр гайхалтай байлаа. Номыг нь авчрахдаа би түүний уншиж өгсөн "Надад шүлэг бичихийн шалтгаан байна" гэсэн шүлгийг бичиж оруулна аа. Гэхдээ түүний уншиж өгөх тэрхүү торгон мэдрэмжийг блогтоо оруулж чадахгүйдээ хүлцэл өчье. 

Тэнд голдуу Дундговийн гэх тодотголтой залуучууд ирж байх юм. Манай аав ээж Дундговийнх болохоор би бас тэрхүү жалга довын үзэлд нь нэгдээд байна аа.

Тэнд Наранцацралт агсаны ууган хүү Cоёмбоо ирлээ. Наранцацралт сангийнхан ажлаа яриад л. Дандаа залуучууд, сайхан ажил их хийх бололтой. 

Нэгэн оройг ихийг хийхийг хүссэн хүсэл дунд, тэр оргилуун сэтгэл дунд өнгөрөөсөндөө баяртай байна аа.

Би тэндээс хамгийн залуухан доктор Мөнх-Оргил, дээд сургуулийн сургалтын менежер Цэвээнээ, бас нарийхан бичиг Лхамаа, морин хуурын багш Мөнхтүшиг, мөн Дэлгэрхангайн сумын ИТХ-н Батсүх, хамба лам . .  .   гээд золбоолог, өөдрөг, ихийг хийх хүслэн оршсон ийм сайхан танилуудтай болсон доо.

 

 

 

 

 

 

 

 

Хүү минь наддаа ирсэн

Миний анх дурласан, ангийн маань залуу оюутны байрны ааштай авгайтай хэл амаа ололцох гэж хэцүү гээд нутгийнхаа охиныг маш хурдан эхнэрээ болгоод авчихсан байдаг байгаа. Ингээд миний анхны дурлал бүтсэнгүй ээ гэж...

Сургуулиа төгсөөд сургуульдаа ажиллалаа. Нэг удаа ажлынхан маань амралтанд явсийн. Тэгэхэд би нэгэн залууг олж харж билээ. Тэрний нүдэнд ч би өртсөн бололтой. Бидний харилцаа тэр өдрөөс эхэлсэн юмдаг. Бид цуг ажилладаг болохоор тэр намайг орой гэрт минь хүргэж өгөөд ганцхан үнсчихээд явдагсан. Бид үерхсээр, он жил өнгөрсөөр. Тэр хавар нутаг яваад бараг өвөл шахуулж ирнэ. Түүнийг иртэл мөрөөдөн хүлээдэгсэн. Тэр хавар явахдаа намар би чам дээр ирэхгүй ч байж магад гээд явдаг ч намар нь "би хүрээд ирлээ" гээд л хүрээд ирнэ. Би түүнийг хүлээгээд л авдаг байлаа. Би өөрийнхөө хайранд халууцан түүнийг намайг хайрлаж байгаа эсэхийг ч анзаарах сөхөөгүй явжээ. Би ч ажлаа өөрчиллөө. Би мэргэжлийн ажлаа хийх гэж том зориг гаргасан нь тэр. Тэр хуучин ажилдаа үлдсэн юм. Түүнийг харах гэж хичнээн ч өдөр хуучин ажлаа хүлээлгэж өгч ажил руугаа гүйв дээ. Биднйи харьцаа тасарсангүй. Тэр гэрийг минь мэддэг байсан тул ороод л ирдэг байлаа.

Бид уулзалгүй 2 сар болсон байлаа.

Бяцхан тунирхал үүсчихсэн байсан даа. Би хэзээ ч түүн рүү түрүүлж утасддаггүй байсан. Түүнээр гуйлгах л гэж тэр л дээ. Тэр нэг өдөр ажил дээр минь ороод ирсэн.

Бид хэзээ ч тэгж амсаж байгаагүй их аж жаргалыг амсан жаргацгаасан нь бидний сүүлчийн уулзалт байсан юм билээ. Тэгэхэд би түүнээс хүүгээ олсон байлаа.

Түүнд хэлтэл тэр наадах чинь чиний л асуудал гэж билээ. Хайртай хүнээсээ хамгийн анхны хүүхдээ олоод баярлаж байсан сэтгэл минь хөмрөх шиг л болсон. Тэгээд асуудлаа би өөрөө шийдлээ, хүүхдээ гаргах болсон гэж дуулгаад хүүхдээ зоригтойгоор тээсэн дээ.

Би түүнд одоо ч буруу өгдөггүй. Өөрийнхөө тэнэг дурласныг л боддогын.

Тэр олон жилийн хугацаанд би тэр хүнийг таньсангүй ухаангүй дурлаж явж дээ гэж бодоод бүхнийг мартсан. Түүнээсээ би нэг сайхан хүүтэй болоод хоцорсон хүн дээ. Хүү маань одоо 4 нас дөхөж буй. Ямарч мөнгө, кареер, зүс царай харгалзахгүйгээр агуу их хайрыг надад мэдрүүлдэг цорын ганц хүн бол миний хүү.

Миний гэнэхэн хайрын илэрхийлэл болсон хүүдээ би ухаангүй хайртай. Хүүгээ сайн хүн болгож төлөвшүүлэх нь миний энэ насны цорын ганц хүсэл мөрөөдөл болсон доо.

Би бичнээ

Би блог нээхсэн гэж зөндөө удаан бодсон.

Би арван жилийн хүүхэд байхаасаа өдрийн тэмдэглэл хөтөлж өөрийнхөө сэтгэлийн хөглөж явсан юм. Миний тэмдэглэлийг гэрйихэнээс хэн ч уншдаггүй гэж бодож явсан ч эгч уншчихсаныг мэдэнгүүт  тэмдэглэл хөтлөхөө больж жил гаран болсонсон. Гэвч тэмдэглэл надад найз нөхдөөс илүү ойр байдаг байсан болохоор ахиад шинэ дэвтэр нээн бичиж эхэлсэн дээ. Би орой оронд орохоороо тэр өдөр юу болсон тухай эргэцүүлэн бодонгоо бичих дуртайсан. Тэмдэглэл надад алдааг минь ухааруулдагсан. Надад маш олон тэмдэглэлийн дэвтэр бий. Тэнд бага насны маань шохоорхол, анхны хайрын түүх, азгүй дурлал энэ бүхний дурсамж бий. Түүнийг хэзээ устгахаа мэдэхгүй л дээ. Гэхдээ устгах нь дээр юм билээ. Манай аав, ээж 2 бас залуудаа тэмдэглэл хөтөлдөг байсан юм билээ. Би тэдний үргэлжлэл учраас би ч бас хөтлөх нь зөв байх.

Дурлахаараа би бичих дуртай, дурласан сэтгэлээ хөглөх дуртай. Дахиад би бичихээр шийдсэн.

(Нийт: 6)